Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгаар сайн гэж үнэлэгдсэн байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
47.8 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
13.6 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
30.2 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
4.7 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
3.7 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд хүрэлцээтэй байхаар, харин 40 орчим хувьд хэтэрч гарлаа.
Сумын дүнгээр авч үзвэл Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Галт, Жаргалант, Их-Уул сум, Бүрэнтогтох, Рашаант, Тосонцэнгэл, Алаг-Эрдэнэ сумдын ихэнх багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.
Энэ жил нийт нутгаар сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Бүрэнтогтохын Баянхошуу, Их-Уул, Төмөрбулагийн Тээл, Галтын Зүрх, Түнэлийн Баян-Эрхэт багууд хамрагдаж байна.
Харин Галтын Нүхт, Төмөрбулагийн Жаргалант, Тариат, Их-Уулын Их-Уул, Мандал, Цагаан-Уулын Шарга, Өвгөд, Жаргалант багуудын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 30,2 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЦУОШТӨВ
2022-08-29